Сэтгэл ханамжийн судалгааг мессежээр хүлээн авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-01-12 20:05:39

Говьүмбэр /МОНЦАМЭ/. Үйлчлүүлсэн иргэдийнхээ сэтгэл ханамж хэрхэн байгаа, цаашид юунд анхаарах эсэхийг мэдэх, сэтгэл ханамжийн судалгааг Говьсүмбэр аймгийн төрийн байгууллагууд анх удаа мессежээр авч эхэллээ.

Одоогийн байдлаар Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв гэсэн дөрвөн байгууллага хамтран уг үйлчилгээг  нэвтрүүлж байгаа бөгөөд эдгээр салбар нь хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг байгууллагууд юм.

Тухайн үйлчилгээ авч буй иргэний өөрийн бүртгэлтэй буюу, үйлчилгээ авахдаа бүртгүүлсэн утсанд “Та сэтгэл ханамжаа 1-5 оноогоор илэрхийлнэ үү” хэмээн мессеж ирэх бөгөөд иргэн хариу мессеж илгээснээр тухайн ажилтны хандлага, харилцаа, үйлчилгээг дүгнэнэ.

Үүнээс гадна тухайн утсанд иргэд үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг мессежээр явуулж болох бөгөөд тухайн иргэний гаргасан саналыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах аж. Энэ нь төрийн байгууллагуудаас иргэдээс анх удаа  мессежээр санал авч байгаа тохиолдол гэнэ.

Авто тээврийн төвийн 93361234, Татварын хэлтсийн 99541288, 92031288, Улсын бүртгэлийн хэлтсийн 99541890, 88541890, Мэргэжлийн хяналтын газрын 99521286 утсанд холбогдож тухайн байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, гомдол, талархалаа илэрхийлэх боломжтой.

Дашрамд дурдахад аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “Төрийн үйлчилгээ таны гэрт” буюу улсын бүртгэлийн дуудлагын үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж  эхэлсэн.  

 Энэ нь тухайн  иргэн хүндэтгэх шалтгааны улмаас өөрийн биеэр үйлчилгээний танхимд очих боломжгүй тохиолдолд тус хэлтсийн 70543306 утсаар холбогдож, үйлчилгээ авах тухай тайлбар, очих боломжгүй байгаа шалтгаан, өөрийн мэдээллийг өгснөөр Улсын бүртгэлийн хэлтэс мэдээллийг шалгаж иргэний хаягаар очиж үйлчлэх үйлчилгээ юм.

Related news