2020 оны Паралимпт оролцох тамирчнаа дэмжихээ илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-04 12:34:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн Засаг дарга С.Насанбат Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Батсүх, 2020 онд болох Пара олимпт оролцох эрх авсан Д.Саруултөгс нарыг хүлээн авч уулзлаа.

Д.Саруултөгс нь энэ оны 10 дугаар сард Индонезийн Жакарта хотод болсон Пара Азийн наадамд бөөрөнцөг, зээрэнцгийн төрлөөр амжилттай оролцож 2020 онд болох Пара олимпт оролцох эрх авсан юмУг наадамд 43 орны 2762 тамирчин спортын 18 төрлөөр өрсөлдсөн байна.

Манай аймагт нийтдээ 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд үүнээс 40 гаруй нь улсын болон тив дэлхийн тэмцээн уралдаанд амжилттай оролцдог ажээ.

Тиймээс эдгээр тамирчдыг аль нэг байгууллагын ивээлд багтаан төсөв санхүүдээ санаа зовохооргүй болгох саналыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Батсүх гаргасан байна. Аймгийн удирдлагуудын хувьд шууд аж ахуй нэгжид санал тавих боломжгүй тул албан бичгээр саналаа хүргүүлж хамтдаа уулзалт хийн асуудлыг шийдэхээр болжээ.

Хуульд зааснаар ААНБ-ууд 25 ажилтан тутамд хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг үндсэн ажилтнаар ажиллуулах ёстой. Энэхүү хуулийн заалт тэр бүр хэрэгжихгүй ААНБ-ууд үүргээ биелүүлэхгүй байгаа нь улсын хэмжээнд хөндөгдөж буй асуудлын нэг болсон.

Тиймээс өөрийн хүч хөдөлмөрөө дайчлан аймаг, улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа тамирчидаа дэмжиж байхыг ААНБ-уудаас аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн Д.Батсүх уриаллаа.

 

Related news