Сар тутамд нэг сэдвээр хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-02 14:56:13

Монголын ард түмний ахуй соёл, зан үйл, мал аж ахуйн хөдөлмөрийг бүжгээр дамжуулан хүүхдэд ойлгуулах зорилгоор Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэг хоёрдугаар сарыг бүжгийн сар болгожээ. Харин энэ сарыг өнгө нүдлэх сар болгосон байна. Ингэж тодорхой хугацаанд нэг сэдвээр хүүхдийг хөгжүүлэх нь олон талын ач холбогдолтой гэж тус цэцэрлэгийн багш нар үзжээ.

Тухайлбал, бүжиг нь хүүхдийн бие бялдар, хөдөлгөөний эвсэл, орчиндоо хөдөлгөөнөө зохицуулах чадварыг хөгжүүлнэ. Мөн ой тогтоолт, сэтгэх бодох, зүй тогтлыг мэдрэх чадвар төдийгүй нөхөрсөг тусч болох төлөвшил, багаар хөгжих нийгэмшихүйн чадварыг нь ч хөгжүүлдэг байна.  Нэг удаа бус нэг хэсэг хугацаанд тодорхой сэдвээр ингэж үргэлжлүүлэн  заах нь хүүхдийн олон талын чадварыг нээхэд тустай, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын сайн арга болж байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч  Г. Мөнхтуяа хэллээ.

Хүүхдүүд нэг сарын хугацаанд Хотон биелгээ, Жалам хар, Сонжийлоо, Татлага биелгээ, Ёохор, Жуурай гэлдэн зэрэг арав шахам бүжгийг сурсан байна. Бүжиг сурахдаа хүүхдүүд бүжгийн хөдөлгөөнөөр ямар утга санаа илэрхийлж байгааг ойлгож, тайлбарлаж чаддаг болжээ. Бүтэн нэг сарын турш юу сурч, ямар чадвартай болсноо ч хүүхдүүд эцэг эхдээ үзүүлж, бүжгийн тайлант өдөрлөг зохион байгуулсан байна.

Энэ сард хүүхдүүд өнгө нүдэлнэ.Тухайлбал, бага ангийн хүүхдүүдэд шар өнгийг таниулах бол дунд ангид гурван янзын өнгө үзэх жишээтэй.Харин ахлах ангийнхан үндсэн өнгөнөөс гадна завсрын өнгө нүдэлж, өөрсдөө өнгө үүсгэж танин мэдэх зэргээр чадвараа хөгжүүлэх юм байна.

Т. Отгонтуяа

Related news