Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-01 20:47:55

Олон жилийн турш мартагдаад байсан орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ Дундговь аймагт сэргэж байна. Энэ чиг үүргийг “Дундговь- Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гүйцэтгэнэ.

Сүүлийн жилүүдэд Мандалговь хотод шинэ орон сууц нэмэгдэж, иргэдийн аж төрөх нөхцөл сайжирч байгаа. Гэхдээ орон сууцанд аж төрдөг иргэдэд тулгарч ирдэг нэг асуудал бол сантехникийн засвар, арчлалт юм. Үүнийг иргэд дор бүрнээ хийдэг бөгөөд зарим тохиолдолд стандарт бус аргаар шугам сүлжээгээ холбосноос эрсдэл хүлээх тохиолдол ч гардаг байна. Түүнчлэн барилга байшин барьсан л бол төвлөрсөн шугам сүлжээг дур дураараа салаалж, үүний улмаас ундны ус бохирдох, усны алдагдал ихсэх зэрэг эрсдэл учирдаг ажээ.

Тиймээс орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг дахин буй болгох шаардлагатай гэж үзэн, аймгийн ИТХ- д хүсэлт гаргаснаар Тэргүүлэгчдийн хурлаар эл асуудал шийдэгдсэн гэж “Дундговь- Ус” ОНӨҮГ- ын захирал Б. Отгонтөгс хэллээ.

Сантехникийн туршлагатай, мэргэжлийн баг одоогоор дөрвөн ажилчинтай. Иргэдийн дуудлагаар үйлчилж, үйлчилгээний зохих тариф тооцон ажиллах юм байна.  

Т. Отгонтуяа

Related news