Гэмт хэргийг бууруулахад иргэд, албан тушаалтны оролцоог дайчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-01 18:52:25

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2016 оны зорилтоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлж, оролцоог нь хангахад чиглүүлжээ.

Дундговь аймгийн хувьд  2013 онд гэмт хэргийн гаралт нэлээд өсч ирсэн бол 2014- 2015 онд эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэхдээ нийт гэмт хэрэг дотор иргэдийн өмчийг хулгайлах гэмт хэрэг урьд оныхоос 16 хувиар өсчээ. Мөн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг зонхилж байна. Нийт гэмт хэргийн 81 хувийг дээрхи гурван төрлийн гэмт хэрэг эзэлсэн бөгөөд хулгайн хэргийн хувьд дангаараа 38 хувьтай байгаа ажээ. Мөн хүүхэд, эмэгтэйчүүд оролцсон гэмт хэрэг 12-25 хувиар өссөн, урьд гарч байгаагүй булаалтын гэмт хэрэг бүртгэгдсэн гээд анхаарал татах асуудал цөөнгүй байна.

Урьд онуудад “Архигүй Дундговь” зорилтыг тус салбар зөвлөл хэрэгжүүлж ажилласан. 2015 онд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 23 хувиар буурсан нь энэ зорилтын нэг үр дүн гэж үзэж байгаа бөгөөд үүний нэгэн адилаар ялангуяа хулгайн хэргийг бууруулж, урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог идэвхижүүлэх нь зүйтэй гэж салбар зөвлөлийн гишүүд үзжээ.

Тиймээс Дундговь аймгийн нутаг дэвсгэрт зонхилон гарч байгаа гэмт хэргийг бууруулж, түүнээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ямар ажил зохион байгуулахыг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор төлөвлөх юм байна.

Т. Отгонтуяа

 

 

 

 

Related news