МУГТ Х.Бундмаагийн нэрэмжит тэмцээнд 360 тамирчин хурд хүч сорин өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-17 21:01:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаагийн нэрэмжит Жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн” Хархорин суманд болж өндөрлөлөө.

Өнгөрөгч долоо хоногт зохиогдсон тус тэмцээнд 22 байгууллагын 360 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн ба эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр аваргуудаа шалгаруулсан юм.

Эрэгтэй багийн дүнгээр Т.Эрдэнэбат дасгалжуулагчтай Спортын дунд  сургууль тэргүүн байр эзэлж, Б.Очир дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, Б.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчид удаах байруудад шалгарав.

Эмэгтэй багийн дүнгээр Т.Энхцэцэг, Б.Энхбаатар, Г.Сарангоо дасгалжуулагчтай “Шинэ бадрах” дэвжээний тамирчид тэргүүлж, Ш.Цэвэлмаа, Г.Саранзаяа дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн спортын хороо “Женко” клуб, Б.Очирбат дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн тамирчид удаах байруудыг эзэллээ. тэмцээний Өсөх ирээдүйтэй тамирчнаар Хөвсгөл аймгийн тамирчин Б.Бадар-Ууган шалгарсан юм.

Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Хархорин сумын ЗДТГ, аймгийн БТСГ, Хархорин сумын Спортын ордон, Монголын болон аймгийн Жүдо бөхийн холбоо, “Мөнхийн үсэг” групп, Өвөрхангай аймгийн “Хангай Жүдо” клуб хамтран зохион байгууллаа.

Б.Батчимэг

Related news