Бан Ги Мүн: Сирийн гал зогсоох дэглэм амжилттай хэрэгжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-01 09:16:13

ЖЕНЕВ. /NHK/. Сирид хааяа нэг мөргөлдөөн гарч байгааг эс тооцвол гал зогсоох дэглэм өргөн хүрээтэй хэрэгжиж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв.

Тэрбээр Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай уулзсаныхаа дараа Женевт сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.

Гал зогсоох дэглэм үргэлжилж, бүслэлтэд байгаа иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүрнэ гэж найдаж байгаагаа Бан Ги Мүн илэрхийлээд, Сирийн энхийн хэлэлцээг зуучлах үүргээ НҮБ үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдэв.

Гэвч гал зогсоох дэглэмийг зөрчиж байна гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар болон сөрөг хүчнүүд бие биенээ буруушаасаар байна.

НҮБ цаг тутамд Сирийн байдлыг ажиглахаар төлөвлөж байна.

Д.Нямтулга

 

Related news