С.Пүрэв: Баримт өгөөгүй ААН-ийг орлогынх нь 2 хувиар торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-02-26 15:08:54

Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу дэлгүүр, үйлчилгээний газрууд иргэдэд сугалаатай баримт олгож буй. Хуулийн хэрэгжилтийн талаар Гааль татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвээс тодрууллаа.

-НӨАТ-ын хууль хэрэгжээд 2 сар өнгөрч байна. Эхний үр дүнгүүд гарч байна уу?

-Хууль хэрэгжсэнээр 1 дүгээр сарын НӨАТ-ын орлого ноднингийн мөн үеийнхээс 2 дахин өссөн  дүн гарлаа. Ер нь нэг, хоёрдугаар сард бага төлөвлөж, тэр хэрээр бага гүйцэтгэл гардаг боловч ноднингийн мөн үетэй харьцуулахад НӨАТ буюу эцсийн хэрэглээнээс авсан татвар хоёр дахин нэмэгдсэн нь систем зөв ажиллаж байгаагийн эхлэл. Үүнээс харахад иргэдийн төлсөн татварыг аж ахуй нэгжүүд улсын төсөвт төвлөрүүлэхгүй байх явдал багасаж байгаа хэрэг юм.   

-Иргэдээс ebarimt.mn сайт баримт бүртгэхгүй байна, эсвэл нэвтэрч болохгүй байна гэх зэрэг гомдол мэдүүлж байгаа. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?

-Баримт баталгаажихгүй байгаа бол цаад байгууллага нь 3 хоногийн дотор мэдээллийг ирүүлэхгүй байгаатай холбоотой. Аж ахуй нэгжүүдээс “Сүлжээ тасалдаж байна, кассын машин үнэтэй байна” гэсэн гомдол гарсан. Үүнийг нь Сангийн яам, ГТЕГ шийдвэрлэсэн. Хэвлэх төхөөрөмжийг 100-150 мянган төгрөгөөр ч тавих боломжтой. Хуулинд баримт хэвлэх кассын машин, түүнтэй адилтгах тоног төхөөрөмжийг ажлын байранд байлгана хэмээн заасан. Аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироож болохгүй. Иргэд баримтаа нэхэж авах ёстой. Ингэснээр иргэн татвараа төлсөн гэдгээ мэдүүлж байгаа юм. Цаад утгаараа бол төр энэ татвараа олоод аваарай гэсэнтэй адил юм. Энэ утгаар нь төр иргэнээ урамшуулж байна. Дээрээс нь сугалаа зохион байгуулж байна. Эдгээр нь улсын төсвөөс зарлага болгож тусгайлан гаргаж байгаа хөрөнгө юм.

-Өнөөдөр томоохон аж ахуй нэгжүүд НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй, төдийд өдийд машинтай болно. Тэгэхээр баримтаа хэвлүүлж аваарай гэх мэтээр иргэдийг чирэгдүүлж байна. Хууль хэрэгжүүлэхгүй байгаа компаниудад хариуцлагын ямар арга хэмжээ авах вэ?

-Баримт хэвлэж өгөөгүй аж ахуйн нэгжийг орлогынх нь 2 хувиар торгоно. Мөн үнийн зөрүүтэй буруу баримт илгээсэн аж ахуйн нэгжийг 20 хүртэл хувиар торгох зэрэг заалт хуулинд туссан байгаа.

-Кассууд иргэдийн баримтыг өгөлгүй, өөрсдөдөө аваад байна гэх хардлага байна. Татварын байгууллагаас баримт өгч байгаа эсэх дээр хяналт шалгалт явуулж байна уу?

-Татварын байгууллагаас шалгалт явуулж байгаа. Угтаа бол иргэд баримтаа авья гэж шахаж шаардах эрхтэй. Хариуцлагатай байсных нь төлөө төр иргэндээ 2 хувийн цалин өгөх гэж байна. Тиймээс баримтаа сайн нэхэж авах хэрэгтэй.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news