Элтон Жонтой Путин утсаар яриагүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-16 16:07:58

МОСКВА./ВВС/. Ижил хүйстнүүдийг хуулиар хүлээн зөвшөөрөх асуудлаар Оросын Ерөнхийлөгчтэй ярилцахыг хүсч байгаагаа мэдэгдсэн поп од, Сэр Элтон Жонтой Владимир Путин утсаар ярьсан гэх мэдээллийг Кремлийн ордон эрс няцаалаа.

Ижил хүйстнүүдийг хуулиар хүлээн зөвшөөрөхийг “инээдтэй” хэрэг гэж яагаад хэлснийг нь асуухаар би ноён Путинтай уулзахыг хүсч байна гэж Элтон Жон мэдэгдэж байсан юм.

Үүний  дараахан алдарт дуучин, хөгжимчний “Инстгарам” хуудаст “Утсаар ярьсан ноён Путинд талархлаа” гэж бичжээ.

Гэхдээ Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч, “Энэ хоёр хүн холбоо бариагүй. Утсаар ярьсан гэх мэдээлэл цуурхал байж болзошгүй” гэж мэдэгдлээ.

Мөн Элтон Жоны “Инстгарам” хуудаст, “Оросын лесби, гей, бисексуал болон трансжендер хүмүүүсийн эрх тэгш байдлын талаар би тантай нүүр тулсан уулзалт хийхийг хүсч байна” гэж бичсэн байжээ.

“Элтон Жонтой хэн ярьсныг би мэдэхгүй. Гэхдээ Ерөнхийлөгч Путин түүнтэй яриагүй” гэж Кремлийн ордны албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн юм.

Г.Доржханд

Related news
Comments