Цэцэрлэгийн багш нар 70 гаруй хөгжмийн зэмсгийг бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Отгонцэцэг бусад багш ажилчдынхаа хамтаар гарын дорх материал ашиглан өөрсдийн гараар 70 гаруй хөгжмийн зэмсгийг бяцхан хүүхдүүддээ зориулан бүтээжээ.
Барилгын жижиг хуванцар хоолой, төмөр таваг, төрөл бүрийн цаасан хайрцаг, мод, төмөр, чихэр жигнэмэгийн цаасан болон хуванцар савыг ашиглан 7-н нэр төрлийн энгийн хөгжмийн зэмсгийг хийж, өдөр тутмын үйл ажиллагаа болон сургалт хүмүүжлийн ажилдаа ашиглаж байна. Төрөл бүрээс 10 ширхэг гээд одоогоор тус цэцэрлэг өөрсдийн гараар бүтээсэн 70 гаруй хөгжмийн зэмсэгтэй болжээ. Хөгжмийн дугуйлангийн 60 хүүхэд эдгээр хөгжмийн зэмсгээр таван төрлийн ая, хэмнэлийг хөгжимдөж сурсан байна.
Мөн 6-р цэцэрлэг нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх чиглэлээр өдөр бүр шинэ, шинэлэг сургалтыг нэвтрүүлж, туршиж байна. Үүнийхээ хэрээр хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ хөгжиж, бие дааж сурах чадвар ч нэмэгдсээр байгаа юм.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р цэцэрлэгийн 4 бүлэгт, нэгдүгээр багийн 100 гаруй хүүхэд хүмүүждэг юм.
Т. Одончимэг
Related news

