Оросын нисэх онгоц халдлагын улмаас осолдсоныг Каир хүлээн зөвшөөрөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-25 09:50:04

КАИР. /TASS/. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн “А321” онгоцыг зориуд сөнөөсөн гэдгийг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси анх удаа хүлээн зөвшөөрчээ.

“Онгоцыг сөнөөсөн этгээд ОХУ болон бусад улстай манай орны харилцааг тасалж, Египетийн аялал, жуулчлалын салбарт цохилт өгөх зорилго агуулсан байсан” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Египетийн төрийн тэргүүн мөн энэ нь “террорист халдлага” байсныг мэдээлжээ.

Дээрх мэдэгдэл нь 224 хүний амийг авч одсон Оросын зорчигч тээврийн нисэх онгоцны осол нь гадны нөлөөтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн Каирын эрх баригчдын анхны албан ёсны мэдэгдэл юм.

Хэдийгээр уг онгоц халдлагын улмаас осолдсон гэж Оросын Аюулгүй байдлын алба бүр өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн боловч мөрдөх шалгах комисс осол техникийн гэмтлийн улмаас болсон зэрэг агаарын ослын хувилбаруудын алийг нь ч үгүйсгэхгүй байна гэж  Египетийн эрх баригчид эцсийн мөч хүртэл зүтгэсээр байсан билээ.

Д.Жаргал

 

Related news