Сирийн сөрөг хүчин 14 хоног түр эвлэрэхийг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-25 09:12:03

МОСКВА. /RIA Novosti/. Сирийн сөрөг хүчин гал зогсоох түр дэглэмийг хоёр долоо хоног сахин мөрдөхийг зөвшөөрсөн тухай сөрөг хүчний Хэлэлцээ хийх дээд хорооны мэдэгдэлд дурджээ. Энэ тухай телевизийн “Аль-Арабия” суваг мэдээлсэн байна. 

"Хоёр долоо хоногийн хугацаатай урьдчилан гал зогсоох нь бусад талд хүлээсэн үүргээ нотлох боломж олгоно гэж Хэлэлцээ хийх дээд хороо үзэж байна" гэж уг мэдэгдэлд дурджээ.

Дамаскийн эрх баригчид “Оросын түншүүдтэйгээ нарийн зөвлөлдсөний эцэст” ОХУ болон АНУ хооронд хүрсэн тохиролцооны дагуу байлдааны ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан гэж Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад урьд нь мэдэгджээ. Харин Сирийн Засгийн газрын хүчинтэй тулалдаж байгаа Сирийн чөлөөт арми гал зогсоох дэглэмд нэгдэх эсэхээ хараахан шийдээгүй байна гэж тус армийн өндөр албайн тушаалын эх сурвалж мэдэгдсэн байна.

АНУ болон ОХУ-ын даваа гарагт нийтлэгдсэн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Сирид энэ сарын 27-ноос эхлэн Засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд гал зогсоох ёстой бол “Лалын улс”, “Жебхат ан-Нусра” болон НҮБ террорист бүлэглэлүүдийн тоонд оруулсан бусад бүлэглэлийн эсрэг явуулж буй ажиллагаа үргэлжилнэ.

Д.Жаргал

 

Related news