Нийтийг хамарсан ажлаар малын сэг зэмийг цэвэрлүүлсэн байна

Орон нутагт | Булган
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 20:27:34

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжүүлсэн  нийтийг хамарсан ажилд энэ онд улсаас 88 сая төгрөг төсөвлөгджээ. Аймгийн хэмжээнд 32 төсөл хэрэгжиж,  410 ажилгүй иргэн хамрагдсанаас 250 эрэгтэй, 160 эмэгтэйг түр ажлын байраар ханган тэдгээрийн ажлын хөлсөнд 87.999.008 төгрөгийг зарцуулжээ.

Нийтийг хамарсан ажлуудаас дурьдвал Булган аймгийн Хишиг-Өндөр, Гурванбулаг, Могод, Сайхан сумдад өнгөрөгч хавар байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийт 480 мянга орчим толгой мал зүй бусаар хорогдсоны  сэг зэмийг цэвэрлэж, малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлсэн,  Баян-Агт, Рашаант, Булган сумдуудад үер усны даланг засварлаж сэргээх ажил хйисэн байна.

Хишиг-Өндөр, Дашинчилэн, Бүрэгхангай, Хутаг-Өндөр сумдад төв замыг цементээр хучиж сайжруулсан, замын хажуугаар явган хүний зам тавих,  усны шуудуу татах, замын хашлага боржуур хийх, хашаа барих, нийтийн эзэмшилийн зам талбайн хотгор гүдгэр газрийг тэгшлэх, мод бут тарих. Орхон, Хутаг-Өндөр, Булган, Хялганат, Сэлэнгэ сумдад нийтийн биеийн тамирын талбайн тохижилтын ажил, хүүхдийн талбайн тоглоом, нарлаж суух сүүдрэвч барьж байгуулах, нийтийн эзэмшил талбай, орон сууц, гэр хорооллын гудамж, хотын орчим эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэх, цэцэг тарих, зүлэгжүүлэх,  Тэшиг суманд булаг рашааныг хашиж хамгаалах зэрэг ажлууд хийгджээ.

                                                                                                                  П.Батням

Related news