Найрамдлын гэрээ байгуулах ээлжит хэлэлцээ хийх товыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-15 13:19:06

ТОКИО. /RIA Novosti/. Орос, Японы хооронд найрамдлын гэрээ байгуулах хэлэлцээний  гурав дахь үеийг явуулах товыг хэлэлцэх уулзалтыг тус хоёр орны Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд Японы нийслэл Токио хотод хийж байна. 

Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд хийж буй энэ удаагийн төлөвлөгөөт зөвлөгөөн нь Япон болон ОХУ-ын Гадаад хэргийн яамны шугамаар хийж буй хоёр орны хооронд найрамдлын гэрээ байгуулах хоёр талын хэлэлцээний гурав дахь үеийг явуулах хугацааг хэлэлцэхэд чиглэжээ.

Дээрх уулзалтын үеэр улс төрийн яриа хэлцээний өнөөгийн байдал, хэтийн төлөв, худалдаа-эдийн засгийн харилцаа зэрэг хоёр талын харилцааны бүхий л асуудлыг, мөн олон улсын тулгамдсан зарим асуудал, Умард Солонгосын цөмийн болон пуужингийн туршилттай холбоотойгоор Солонгосын хойгийн байдлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж урьд нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Москва хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд уулзалт хийх тохиролцоонд нэгдүгээр сард хүрчээ. Өндөр түвшинд яриа хэлцээ хийх “зохих уур амьсгалыг бүрдүүлэхэд бэлтгэхэд” уг уулзалт чиглэгдэнэ гэж тухайн үед Киодо агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарыг утсаар ярьсны дараа мэдээлж байв.

ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулах болон газар нутгийн маргааныг шийдэх яриа хэлцээгээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа гэдгээ Шинзо Абэ "Нихон кэйзай" /"Никкэй"/ болон “Financial Times” сонинд хоёрдугаар сарын эхээр ярилцлага өгөхдөө нотолжээ.

Д.Жаргал

 

Related news