Хоёр сарын хугацаанд мотоциклиор хөдөлгөөнд оролцохыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь хот доторх замд мотоцикльтой зорчихгүй байх тухай захирамжийг Сайнцагаан сумын Засаг дарга гаргав.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бүх шатны Засаг даргын хүлээх үүргийн хүрээнд тус сумын Засаг дарга М. Баянсан ийм захирамж гаргасан бөгөөд үүний учир нь хотын төвийн замд хальтиргаа гулгаа үүссээр байгаа тул замын хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, эрсдлийг бууруулах зорилготой ажээ.
Хальтиргаа гулгаа үүссэн замд мотоцикль амархан хальтирч, унасан үедээ араас ирж явсан автомашинд дайруулах шахсан, мотоцикль жолоодож явсан болон сундалж явсан хүн бэртэж гэмтсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул хот дотор мотоциклиор хөдөлгөөнд оролцохыг ийнхүү хориглож байгаа ажээ.
Энэ хориг хоёр сарын хугацаанд буюу 2 дугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ. Захирамжийн хэрэгжилтэд аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Багийн засаг дарга нар хяналт тавьж ажиллах үүрэг хүлээжээ.
Дундговь Т. Отгонтуяа