УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-12 14:04:58

УИХ-ын ирэх долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь гарлаа.

Даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

Мягмар болон лхагва гарагт хэд хэдэн байнгын хороод хуралдах ба Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилуулах асуудлыг өнгөрөгч даваа гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд буй.

Пүрэв болон баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаантай. “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 20-иод асуудлыг хэлэлцэхээр товлосны зэрэгцээ баасан гарагийн 14 цагаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тухай хуулин дээр эрх баригчидтай зөвшилцөлд хүртлээ байнгын хороо болон чуулганы хуралдааны үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд ирэх долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

Б.Туул

Related news