Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон тус яамны холбогдох нэгжүүд, харьяа ГЗБГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнгийн төлөөллийн хамт Төв аймагт ажиллалаа.
Энэ үеэр "Шинэ Зуунмод", "Майдар
хот" төсөлтэй газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагууд, төслүүдийн үйл
ажиллагаанд оролцож буй зураг төслийн болон холбогдох байгууллагуудын
төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр шинээр хот байгуулахад тулгамдаж буй асуудал, эдийн засаг, хот
төлөвлөлтийн хүрээнд шийдэл гарц гаргах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог
сайжруулах талаар нээлттэй санал солилцов.
Мөн аймагт баригдаж буй шинэ бүтээн байгуулалтуудын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон ээлж дараатайгаар шийдвэрлэхээ мэдэгдлээ.
Дараа нь“Майдар хот” төслийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авав. Майдар хотыг бүтээн байгуулахад 40 тэрбум евро хэрэгтэй аж. Хот байгуулна гэдэг цаасан дээр зураад гаргачихдаг үйл явц биш. Бодит судалгаа, тооцоо, мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж дээр үндэслэж байж хийгддэг ажил. Зөвхөн дан ганц хот бус зэргэлдээх хот суурин газруудыг тооцоолон, хамтад нь хөгжүүлэх шаардлагатай. Тэгэхээр усны нөөц, инженерийн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэр, дулааны шийдэл, цэвэрлэх байгууламжийн тоо, байршил зэрэг суурь судалгааг зайлшгүй хийх шаардлагатайг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцоллоо.
