Д.Цэндсүрэн: Ширмэл ширдэг урлаж байхад тархи амарч, бодол цэгцэрдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-16 21:17:33

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Уламжлалт гар урлалын төрөл эсгий ширмэл урлалыг өвлөн уламжилж буй Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат, 2023 оны шилдэг өвлөн уламжлагч Долгорын Цэндсүрэнтэй ярилцлаа.




-Эсгий ширмэл урлалыг урлаж эхэлсэн түүхээсээ хуваалцах уу? Та удам дамжсан урлаач мөн үү?

-Эмээ, ээж хоёр минь ширмэл ширдэг оёдог байсан. Намайг долоодугаар ангид байхад ээж надад анхан шатны зүйлсийг зааж, би ч жижиг бэлдэц дээр хэд хэд хатгадаг байсан.

Ингээд энэ сайхан өвийг үе дамжин уламжилсан. Гэвч би төдийлөн ширмэл ширдэгт анхаардаггүй байсан юм. Ингээд 2003 онд гавьяаныхаа амралтыг авч, Хустайн байгалийн цогцолборт газраас надад жуулчдад зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх саналыг тавьсан.


Улаанбаатар хотыг зорьж үзэсгэлэн худалдаанд оролцож, үйлдвэрлэлийн санаагаа хайсаар ганцхан лангуунд ширмэл ширдэг, олбог байгааг олж харсан юм. Түүнийг нь жуулчид ихэд сонирхож, биширч буйг нүдээр үзээд энэ төрлийн үйлдвэрлэл дутмаг байгааг ойлгож, хийхээр шийдсэн.


Удалгүй “Мөнгөн саваа” ТББ-ыг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж гар аргаар эсгий хийж, ширмэл ширдэг, олбог, оймс, углааш, цүнх зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.


Эхлээд олон хүүхэдтэй ээж, өрх толгойлсон эх, өрхийн орлого багатай эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж байгаад өдгөө зургаан хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.




-Бүтээгдэхүүнүүдээ хаана яаж борлуулдаг вэ? Сурталчлан таниулах, өвлөн уламжлах ямар ажлыг хийдэг вэ?

-Анх бүтээгдэхүүнээ таниулж амжаагүй байх үед үнэлгээ ч их муу, алдангитай ажиллах үе байсан. Жишээлбэл, орны ширдгийг анх 80 мянган төгрөгөөр зардаг байлаа. Том ширдэг зарагддаггүй байсан тул жижиг суудлын олбог хийж Хустайн байгалийн цогцолборт газарт байршуулаад жуулчдад зарж эхэлсэн.


Бүтээгдэхүүнээ сурталчлахаар үзэсгэлэн, худалдаа, бусад уралдаанд 2006 оноос тасралтгүй оролцож байна. Үзэсгэлэн худалдаанд л зарах боломжтой болж байсан бол одоо дан захиалгаар урладаг болсон.


2006-2023 оны хооронд 11 аймгийн 28 сумын 1000 шахам иргэнд гар аргаар эсгий хийх, ширмэл ширэх сургалтыг зохион байгууллаа.


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 7-10 хоногийн анхан шатны сургалтуудыг мөн зохион байгуулдаг. Шавь нараас минь "Нүүдэлчин фестиваль" өөр олон төрлийн үзэсгэлэн худалдаанд оролцдог болсонд маш их баяртай байдаг.

Би өөрөө олон улсын үзэсгэлэн худалдаанд их оролцож, монгол өв уламжлалаа сурталчлан таниулж байна. 



-Та түүхий эдээ яаж бэлтгэдэг вэ? Ямар түүхий эдийг голчлон хэрэглэдэг бол, мөн нэг ширмэл ширдэгт ордог түүхий эд, материалын тооцооллыг хуваалцвал?

-Эсгий ширмэл ширдгийн түүхий эд бол таван хошуу малын хонь, тэмээний ноос юм. Хонины ноосыг малчдын гар дээрээс зах зээлийн үнээр худалдаж авдаг. Хурганы ноос хэрэглэдэг тул хургаа ноослож амжаагүй олон малтай айлд төрийн бус байгууллагынхаа хамт олонтой нэгдэж байгаад очиж ноослон түүхий эдийн жилийн хэрэгцээгээ зуны улиралдаа амжаад бэлтгэдэг.


Таван метр ширдэг оёно гэж тооцоход л 20-25 кг ноос хэрэг болдог. Зузаан, нимгэн гэдгээс шалтгаалж материал энэ хооронд хэлбэлзэнэ. Тэмээний ноосыг гар аргаар ээрч утсаа бэлтгэдэг.




-Дундаж хэмжээтэй нэг ширмэл ширдэг урлахад хэр цаг хугацааг зарцуулдаг вэ?

-Ширмэл ширдгийн хамгийн гол онцлог нь бүгд гар аргаар бүтсэнд байдаг. Иймд үе дамжин өвлөгдөх магадлал илүү юм. Энэхүү бүтээгдэхүүнийг урлахын тулд эхлээд түүхий эдээ 7-10 хоногт бэлтгэнэ. Хургаа ноослоод, хотны шавар шавхай, үнэрийг нь арилтал угааж цэвэрлэдэг.


Тэмээний ноосыг мөн гар ээрүүлээр ээрч утсаа бэлтгэж, оёх ажилдаа төвлөрнө. Хүн бүрийн гарын хурд, тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад оёж дуусах хугацаа нь өөр. Захиалга их шахуу тохиолдолд хугацаандаа багтаах гэж шөнө суух ч үе гардаг.


-Эсгий ширмэл ширдгийг оёж сурах хүсэлтэй хүмүүс сүүлийн үед элбэг болсон. Тэдгээр хүмүүст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Сууж сураагүй хүн ширмэл ширдэг оёж эзэнд нь хүлээлгэн өгнө гэдэг хийсвэр зүйл. Иймд сууж сурсан, тууштай, аливаа зүйлийн эцсийг үзэх хүсэл тэмүүлэлтэй байж тус урлалыг сонирхох нь зүйтэй юм. Эсгийн дээр оёдол хийдэг учир гар их өвддөг. Иймд энэ бүх эрсдэлийг тооцох хэрэгтэй.




-Эсгий ширмэл ширдгийн болон түүнийг урлахын ач холбогдол давуу талыг дурдвал?

-Монгол орныхоо газар шороонд өсөж өндийсөн малынхаа түүхий эдээр, монгол хүний ур ухаан, гараар ширхэг бүрчлэн урласан тус бүтээл нь үнэт өв, чанарыг шингээсэн бүтээгдэхүүн мөн. Сүүлийн жилүүдэд хивс гээд ширмэл ширдгийг орхигдуулж байсан бол одооноос буцаад эсгий ширдгээ гэсэн хандлага сэргэж эхэлж байгаад миний бие туйлын баяртай байна.


Ширмэл ширдэг урлаж байхад тархи амарч, бодол цэгцэрдэг. Чанартай л бүтээгдэхүүн бий болгочих юмсан гэсэн хүслээр бүх бүтээгдэхүүндээ сэтгэлээ шингээж урладаг. Борлуулж байгаа надад ч, худалдан авч байгаа хүмүүст ч чанартай бүтээгдэхүүн худалдах нь сэтгэлд өег шүү дээ.


Эсгий бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн байдаг. Энэ нь ноос гэх түүхий эд нь амьсгалдаг материал бөгөөд чийгшил их үед чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг зэргээс түүний үл үзэгдэх онцгой шинжийг харж болно. 

Мөн ноос нь галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарлах, хорт бодис шингээх чанартай. Хүний арьсанд хүртэл эерэг сайн нөлөөтэй гэдэг.

-Ярилцсанд баярлалаа.

 

相关新闻