ТӨВ: Олон улсын “Торгоны зам” авторалли уралдаан маргааш Төв аймагт үргэлжилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн том авто уралдааны нэг болох Олон улсын “Торгоны зам” авторалли уралдаан 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн газар нутагт үргэлжилнэ. Уралдаанд 13 орны нийт 843 тамирчин, 306 авто машин техник хэрэгсэл оролцож байна.
Энэхүү уралдаан нь 7 сарын 12-ны өдөр ОХУ-ын Иркутск хотоос эхэлсэн бөгөөд 15-22-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан, Улаанбаатар хот, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгуудаар дамжин өнгөрч ОХУ-ын Горно-Алтайск хотод өндөрлөнө.
Төв аймгийн нутгаар 7 дугаар сарын 16-ны өдөр Сэргэлэн сумаас уралдааны гараа эхэлж Бүрэн, Дэлгэрхаан, Баян өндөр Алтанбулаг сумдын нутгаар уралдаан үргэлжилнэ.
Иймд уралдааны зам дагуу малаа хяналттай бэлчээх, уралдааны явцад замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулжээ.
”Silk way rally” буюу “Торгоны зам” олон улсын уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 1000 гаруй тамирчин оролцож, уралдааны шууд дамжуулалтыг дэлхийн өнцөг булан бүрээс ойролцоогоор 200 сая хүн үзсэн байна.