ТӨВ: ХААН банк Батсүмбэр суманд нэг сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ХААН банк "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2025 онд доройтсон ойг нөхөн сэргээх чиглэлээр Батсүмбэр сумын 400 га талбайд нэг сая мод тарина.
Тодруулбал, ХААН банк нийгмийн хариуцлагын хүрээнд 2007 оноос эхлэн “ХААН банкны ой” хөтөлбөрийг санаачлан Монгол орны өнцөг булан бүрд мод тарих ажлыг тууштай хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд өнгөрсөн 17 жилийн хугацаанд хагас сая орчим мод тариад байгаагаас хамгийн сүүлийн жишээ нь 2021 оноос Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд нөхөн сэргээх нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг хийгээд буй.
Тэгвэл тус хөтөлбөрийг өргөжүүлж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2030 он хүртэл 5 сая мод тарьж, ургуулах төлөвлөгөөг гаргасан байна. Энэхүү төлөвлөгөөний эхний ажил нь 2025 онд Төв аймгийн Батсүмбэр суманд нэг сая мод тарих юм.
Энэхүү ажилд мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлийн мэргэжлийн байгууллагууд болох “УБТ Гарден” ХХК, “Титэм ой” ХХК, “Халх голын хишиг” ХХК, “Ойн хүрэм” ХХК, “Ой баясах” ХХК “Агрофорест” ХХК, “Бугант нандин” ХХК-тай тус тус хамтран ажиллах бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд зөвхөн мод тариад зогсохгүй гурван жилийн хугацаанд тарьсан модныхоо арчилгаа, тордолгоог хариуцах ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин Төв аймаг 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.