ТӨВ: Элдэв өвчнийг анагаагч "Өлзийт нуурын рашаан"
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших "Өлзийт нуурын рашаан"-ыг эртнээс нутгийн иргэд элдэв өвчнийг анагаадаг хэмээн зуны улиралд зорин очдог билээ.
Тус рашаан нь Төв аймгаас баруун урагш 84 км, Улаанбаатар хот Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай автозамын дагуу “Довын гуанз”-аас зүүн урд чигт 20 км зайд оршдог.
Далайн түвшнээс дээш 1320 метрт орших эрдэс ихтэй, зуйван хэлбэртэй зүүн хойноосоо баруун урагш сунаж тогтсон нуур бий.
Нуурын рашааны шавар нь гидрокарбонат, хлорт натри, калийн сул хүчиллэг орчинтой, дунд зэргийн эрдэсжилтэй, хүхэрт устөрөгчийн сулавтар үнэртэй хөрсний ургамлын үлдэгдэл, ургамлын ялзмагийн хольцтой хүхэрлэг байдаг.
Рашааны шавар нь дараах өвчнүүдийг илааршуулах үр дүнтэй хэмээн нутгийн иргэд хэлдэг. Тодруулбал
Хязгаарын болон захын мэдрэлийн янз бүрийн үүсэлтэй үрэвсэлт өвчнүүд, ууц нурууны өвдөлт, төв мэдрэлийн өвчин,
гүйлсэн булчирхайн үрэвсэл ангина, түүний хямрал, бруцеллёз өвчний дараах янз бүрийн үе мөчний өвчин, цусны даралт ихсэх, багасах, мэдрэлийн ядаргаа, арьсны эгзим, усан гүвдрүү, деотези, эмэгтэйчүүдийн өвчин зэргийг тус тус анагаадаг.
Анх удаа рашаанд орж байгаа хүн эхний өдөр 20 минут, цаашид 30 минутаас хэтрэхгүй 3-5 хоног орвол зохимжтой байдаг.
Тус рашаанд орсны дараа 14-21 хоногийн турш гам барих нь нэн чухалд тооцогддог. Тухайлбал, Өдрийн халуун наранд унтахгүй, бороонд норж чийг авахгүй, халуун наранд халахгүй байх зэрэг багтдаг.
Рашаан ус ашиглагчдыг рашааны усанд сүү, цус зэрэг улаан цагаан идээ дусаах, хир буртаг оруулах, хог хаягдал хийх, нус цэр хаях, ойр орчимд нь бие засахыг машид цээрлэнэ.
Рашааны ус болон ойр орчмын хорхой
шавжийг хөнөөвөл лус савдаг хилэгнэнэ гэж үздэг. Мөн рашааны ус, шаврыг гадагш
нь зөөж хэрэглэхийг цээрлэдэг бөгөөд өөрт ээлтэй гарагийг сонгож эмчилгээг
эхэлдэг байна.