БНСУ-д зорчиж байгаа иргэдийг “MERS” өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-11 16:22:10
Улаанбаатар/МОНЦАМЭ/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын Онцгой байдлын комиссын хуралдааныг зарлаж, тус улсад гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлав.

Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварласан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь наймдугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод есдүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн байна. Тэрбээр буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад авчээ.

2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “MERS” өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм.

Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд “MERS” өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,  шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ