Крекитийн спортыг Монголд хөгжүүлэх талаар хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-05-25 18:29:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Энэтхэгийн Элчин сайд Суреш Бабу, ИБУИНВУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Иайн Кокс нарыг хүлээн авч уулзаж, Монголын крикетийн холбооны талаар болон Монгол Улсад крикетийн спортыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Монголын крикетийн холбоо нь тус спортыг Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд Австрали, Энэтхэг, Их Британийн Элчид сайдын яамд Монголын крикетийн холбооны дэмжигчдийн төлөөлөл юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын  10-15 сургуулийн хүүхдүүд крикет тоглож байгаа юм. Энэхүү спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлж, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах, боловсон хүчин бэлтгэх зэрэг хүүхэд залуусыг энэхүү спортод татан оруулах талаар БСШУСЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг Австрали тэргүүтэй дээрх гурван улсын Элчин сайдууд салбарын сайдаас хүсэв. Мөн энэ ням гарагт болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Крикетийн талбайн дэргэдэх “Гэр” павиллионы нээлтэд өөрийн биеэр хүрэлцэн ирж крикетийн спорттой танилцахыг хүслээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа монгол хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлээд цаашид салбар яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Крикетийн спорт нь /gentlemen's game/ Англи улсаас гаралтай эртний спортын нэг бөгөөд тус бүр 11 тоглогч 2 багт хуваагдан тоглодог. Тоглогчдоос ихээхэн авхаалж самбаа, хурд, хараа, багаар ажиллах чадварыг шаарддаг нь уг спортын онцлог юм байна. Мөн крикет нь багийн гишүүд болон өрсөлдөгчөө хүндлэх, шүүгчийн шийдвэрийг ёсчлон дагах, шударга өрсөлдөх зэрэг зарчмыг баримталдгаараа сонсогч, суралцагчдын сахилга, ёс зүй харилцаанд эерэгээр нөлөөлөх спорт аж.
 

Холбоотой мэдээ