"Хүэ-2018" олон улсын урлагийн наадамд манай уран бүтээлчид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-04-30 16:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вьетнамын эртний нийслэл Хүэ хотноо энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй "Хүэ-2018" олон улсын урлагийн наадамд Соёлын төв өргөө, Эрдэнэт хотын "Уурхайчин" соёлын ордны 19 уран бүтээлч оролцож байна.

Манай уран бүтээлчид ардын болон уртын дуу, морин хуурын гоцлол, монгол үндэсний болон цэнгээнт бүжиг, гоцлол бүжиг, уран нугаралтын үзүүлбэрээс толилуулж байгаа бөгөөд монголын уламжлалт болон орчин үеийн урлагийг хослуулсан нь үзэгчдийн талархлыг хүлээж байгаа аж.

2000 оноос хоёр жил тутамд амжилттай зохион байгуулагдаж, олон мянган үзэгчдийг татсан тус наадамд энэ удаа Австрали, Бельги, Вьетнам, Дани, Израиль, Испани, Колумб, Лаос, Мексик, Монгол, Марокко, Орос, Польш, Словак, Солонгос, Филиппин, Франц, Хятад, Тайланд, Шри Ланк, Япон зэрэг 21 орны 35 хамтлаг уран бүтээлээ өргөн барив.

Наадам энэ сарын 27-нд нээлтээ хийхэд Вьетнам дахь ДТГ-ын тэргүүнүүд, соёл, боловсролын асуудал хариуцсан дипломат ажилтнууд урилгаар оролцсон байна. Их наадмын үндсэн үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн Хүэ хотын Хааны ордон дотор 4 тайзан дээр зохион байгуулсны дээр нийт оролцогчид хотын төв гудамж, талбайгаар урлагийн парадад жагсчээ.

Зохион байгуулагчдын зүгээс тус наадамд 5 дахь удаагаа амжилттай оролцож буй манай уран бүтээлчдэд талархал илэрхийлж, наадмын хаалтын тоглолтод тусгайлан урьж оролцуулахаар болов.


Холбоотой мэдээ