Эх хатан Дондогдуламын "Эх баригч" ийн өгүүлвэй...

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-04-16 18:23:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын сүүлчийн хаан Наймдугаар Богд хааны хатан буюу монголчуудын билэгшээн хүндэтгэдэгээр Улсын Эх дагина их хатан Дондогдуламын тухай "Хүйлэн огторгуйн заадас" шинэ роман хэвлэгдэн гарч уншигч олныхоо гар дээр очиход бэлэн болоод байна.
Энэхүү шинэхэн романыг туурвин бүтээгч, зохиолч Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэгийг Эх хатан Дондогдуламын "Эх баригч" гэж нэрлэлтэй байна. Учир нь, түүхийн хуудсанд ч төдийлөн үнэн мөнөөрөө бүрэн бүтэн намтар түүхээ үлдээж амжаагүй, түмэн олон нь ч бодит амьдралыг нь бараг мэдэхгүй шахам болтлоо бүдгэрсэн манжийн дарлалаас чөлөөгдсөний дараах Монгол Улсын тусгаар тогтнолын билэг тэмдэг төдий бус нэн шинэ түүхэн хатан Дондогдуламын дүрийг уран зохиолд дахин амьдруулсны тул түүнийг ийнхүү нэрлэхэд болохоор санагдана. Зохиолч Б.Шүүдэрцэцэг хэд хэдэн түүхэн роман бичсэн туршлага, ажиглалт судалгаа, дүрээ нээж олох гэсэн эрлийнхээ үрээр түүхэн хатны "түүхий" намтрыг амилуулахдаа долоон жилийн хөдөлмөр, зүтгэл, хөлс оюуныхаа нөөцийг шавхсаныг түүний номынхоо нээлтэн дээр хэлсэн үгээс мэдлээ. Эх дагины тухай роман бичих гэж байгаагаа долоон жилийн өмнөөс зоригтой мэдэгдээд тэр цагаас эхлэн Дондогдулам хатны төрсөн нутаг Хөвчийн жонон бэйсийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сум, өссөн нутаг Өмнөдэлгэр сум, алдарт Балдан Бэрээвэн хийд зэрэг түүний намтар түүхтэй холбоотой бүхий л газраар явж, нутгийн ахмад буурал, түүх судлаач, лам, малчин, багш, иргэн, дарга цэрэг гээд олон хүмүүнтэй уулзан ярилцаж, найз нөхөд, үзэг нэгт болон үзэл санаа ижилт улсуудын дэм дэмэнд сэтгэлээ эрчлэн байж бичжээ. Романаа хоёр шугамаар өрнүүлэн Эх дагинга их хатныг нэгдүгээр биеийн хүүрнэлээр нэгэн шугам татаж, Богд хаан болон түүний шадар түүхэн ноёдоор хоёр дахь шугамаа татаж зохиомжилсон байна. Түүхэн романы түүх нь өөрөө олон шугамтай тул ингэж нэгтгэсэн нь "Эх баригч ээж"-ийн ухааны учиг юм бол уу даа?
Номыг ганцаараа бүтээгээгүй олон нөхдийн тус дэм хамжлагаар бүтээснээ Б.Шүүдэрцэцэг дахин дахин хэлнэ лээ. Романы зөвлөхөөр Гарма Гаржид үжин Пэрэнлайлин хийдийн хамба, гэвш Д.Тайвансайхан, түүхийн ухааны зөвлөхөөр доктор Д.Энхцэцэг, бурханч лам Д. Ухаанзаяа, хатдын өргөөг санаачлагч М.Мөнхбат, хатдын "бууцыг засагч" , хатад судлаач МУСГЗ Оюунчимэг, сэтгүүлч С.Алтанцэцэг тэргүүтэн манлайлагч бүсгүйчүүл, хань Д. Болдхуяг гээд дотно хүмүүсийн гар сэтгэл нийлсэн долоон жил буюу олоон жилийн зүтгэл бас шингэснийг хэлэлтэй. Номын нүүрийн Цагаан Дара бурханы дүрийг зураач Ч.Солонго чадварлаг бүтээжээ. Номынх нь нээлтэд түүний эдгээр хүмүүсээс гадна түүний уншигч дэмжигч, жүжигчин, яруу найрагч, сэтгүүлчид ч иржээ. "Гарьд магнай" киноны даншиг тараах шахдаг Дондогдуламын дүрийг бүтээсэн МУГЖ Чойжилсүрэн гуай ирсэн нь уулзалтыг халуун болгов. Ардын уран зохиолч, яруу найргийн хатан хаан Ш.Дулмаа ч хадагтай үгээ шүлэгтэйгээ өргөлөө. Эх хатан Дондогдуламын шүлгээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан миний бие ч урилгаар уншлаа. Яруу найрагч МЗЭ-ийн шагналт Л.Батцэнгэл ч хатны тухай шүлгээрээ дайлав. Мөн Дондогдулам хатны өмсгөл бүхий хувцсаар гоён ая дуугаа өргөсөн дуучин Алтантүлхүүр ч олны дунд содон бөгөөд сонин байлаа. Олон жилийн өмнө зарлагдсан Дондогдулам хатны шинэ роман олны хүлээлттэй байсан бол одоо "Аз хур" номын дэлгүүрээс эхлээд олон газраар хүргэгдэн уншигчдаа хүрнэ шүү гэж Б.Шүүдэрцэцэг зохиолч хэлж байна. "Хүйлэн огторгуйн заадас" роман монголын сүүлчийн хатны тухай шинэ бүхнийг өгүүлэх болно.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ