Пёнчанд "Олимпийн эвлэрлийн хана"-ны нээлтийн ёслол болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-05 15:06:21
ПЁНЧАН. /Ёнхап/.  Өмнөд Солонгосын Пёнчан хотод олимпийн бэлэг тэмдэг болсон “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслол өнөө өглөө болжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, “Олимпийн эвлэрлийн хана”-ны нээлтийн ёслолд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах, “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ли Хэ Беом, Өмнөд Солонгосын Соёл, спорт ба аялал жуулчлалын сайд До Жон Хуан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Энэхүү хананы загварыг Өмнөд Солонгосын архитекторч И Жэ Сок “Хүмүүс хоорондын харилцаанд хана бус “гүүр” байх ёстой” гэж Ромын пап Фрэнсисийн хэлсэн үгнээс санаа аван гаргажээ.

Спортоор дамжуулан даян дэлхийд энх тайвныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор эртний Грекийн үеэс “Олимпийн эвлэрлийн хана”-ыг олимпийн тосгонд олимп эхлэхээс хэд хоногийн өмнө байрлуулсаар ирсэн уламжлалтай бөгөөд олимпод оролцогчид үүн дээр сэтгэгдлээ бичиж үлдээдэг юм.

17 өдөр үргэлжлэх өвлийн олимпийн XXIII наадам энэ баасан гарагт эхэлнэ. Энэ наадамд дэлхийн 92 улс орны 2900 гаруй тамирчин оролцох бөгөөд тэд 102 алтан медалийн төлөө өрсөлдөнө.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ