Хөрөнгийн бирж дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-03 16:37:26
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Хөрөнгийн биржийн ТОП 20 индекс 68.9 хувиар өсч, дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүллээ.

Тодруулбал Хөрөнгийн бирж 26 жилийн түүхэнд  буюу 2017 онд анх удаа 859 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь  2015 оны дээд үзүүлэлтийг эвдэж 57.2 хувийн өсөлт үзүүлсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн онд  хувьцаа, бондын арилжаа идэвхжиж, нэмэлтээр болон шинээр үнэт цаас гаргасан нь Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг тэлжээ.
 Тухайлбал хөрөнгийн зах зээл дээр мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “АйТүүлс” ХК IPO гаргаж захиалга нийлүүлэлтээсээ гурав дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрсэн нь үнэт цаас гаргасан компаниудаас захиалгаараа тэргүүлсэн гээд амжилтууд их гэдгийг Хөрөнгийн биржийн удирдлагууд тодотгож байна.  
 Мөн өнгөрөгч онд  хөрөнгийн зах зээлд  давхар бүртгэгдсэн компанийн үнэт цаасыг арилжих нөхцөл бүрдэв.

Тодруулбал Хөрөнгийн бирж Санхүүгийн зохицуулах хороотой хамтан  “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх түр журам”-ыг батлуулснаар үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулсан.
 Б.Заяа
Холбоотой мэдээ