Хүүгийнхээ эмчилгээний төлбөрт мөнгө нэмэрлэхээр бээлий, зоодой хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-19 17:26:11
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Хоёрдугаар багийн өндөр настан Балбарын Цэвэлмаа нь  өөрийн хийсэн хөвөнтэй бээлий, зоодойг борлуулж, орлогыг хүүгийнхээ эмчилгээний төлбөрт зориулах гэж байгаа гэнэ. Тэрээр энэ талаараа аймгийн удирдлагуудад хандаж, зах зээл олж өгөхийг хүсчээ.
ИТХ-ын ажлын албанаас тус өргөдлийг, албан бичгийн хамт "Баянхонгор-Эрчим хүч" ЦТХХК-ний захирал Т.Отгонбаатар, "Чандмань-Баянхонгор" ХК-ний захирал Э.Энхбат, "Хот тохижилт үйлчилгээ" ОНӨҮГ-ын дарга С.Готов, Халаалтын зуух бүхий аж ахуйн нэгжийн захирлуудад Б.Цэвэлмаа гуайн хийсэн бээлийг байгууллагынхаа хэрэгцээнд худалдаж авч, улмаар захиалга өгөх зэргээр дэмжиж ажиллах талаар хүсэлт хүргүүлсэн байна.
Тус хүсэлтийн дагуу Э.Энхбат захиралтай "Чандмань-Баянхонгор" ХК-ний хамт олон Б.Цэвэлмаа эмээгийн хөдөлмөрийг үнэлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус 100 ширхэг бээлийг нэг бүрийн үнэ 5000 төгрөгөөр худалдан авлаа. Өндөр настан Б.Цэвэлмаа бага хүүгийнхээ эмчилгээний төлбөрт нэмэр болох зорилгоор хөвөнтэй бээлий 
100 ширхэг, зоодой 4000 ширхэийг хийж бэлтгэсэн аж. Тэрбээр, таван хүүхэдтэй бөгөөд  бага хүү нь цөсний хорт хавдартай хэмээн оношлогдсон, байнгын асаргаа сувилгаанд байдаг, одоо Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болоод байгаа юм байна.
                                                                                                            Б.Мөнхзул
Холбоотой мэдээ