Дорнодын охид эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-28 15:40:40
Дорнод /МОНЦАМЭ/ Охидод эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх “Аз жаргал төв” Дорнод аймгийн төвд үүд хаалгаа нээлээ. Тус төв нь ЕБС-ийн өсвөр үеийн охидод нөхөн үржихүйн боловсрол олгож, зөвлөгөө мэдээлэл өгөн, үе тэнгийн сургагч багш нараар дамжуулан сургалт явуулах юм.
Өнгөрсөн онд Дорнод аймаг “Хүүхдээ сонсох өдөр”-ийг сар бүр зохион байгуулсан. Энэ хүрээнд хүүхдүүдээс гарсан санал санаачлагыг шат дараатай хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Тухайлбал, ЕБС-иудад хувцас солих өрөө гаргах, хүүхдийн автобус явуулах, боловсролын экспо өдөрлөг зохион байгуулсан. Энэ удаад охидын төлөөллөөс гарсан саналыг ийнхүү хэрэгжүүллээ. "Аз жаргал" төвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 56 сая төгрөгөөр тохижуулжээ. Түүнчлэн, энэ онд орон нутгийн төсвөөс хүүхэд багачуудад зориулан 129 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгээд байна.
Тус төвийн үйл ажиллагааг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Дотно зөвлөгч төв”, үе тэнгийн сургагч багш “Y-peer” төв, Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Ирээдүйн босго” төвүүдийн идэвхтэн сурагчид, эмч, мэргэжилтнүүд хуваарийн дагуу хариуцан ажиллах юм. “Аз жаргал” төвийн нээлтэд  аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Хүүхдийн төлөө Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан зэрэг холбогдох агентлагийн мэргэжилтнүүд, баг, сургуулийн  нийгмийн ажилтнууд оролцлоо. 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ