ДОРНОД: Монгол дайчдын хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-23 16:13:35

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан хотод байдаг “Монгол дайчдын хөшөө”-г Халхын голын дайны ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан 1989 оны 7 дугаар сард бүтээн босгожээ.


БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын зураг төслөөр Барилгын цэргийн 030-р анги, Чулуу олзворлолтын үйлдвэрлэлтийн хамт олон барьж байгуулсан түүхтэй. Цагаан гантигаар Ялалтын хаалгыг сүндэрлүүлж, орой дээр нь алтан соёмбыг залсан байдаг.


Ялалтын хаалганы гол тэнхлэгээс сум мэт дүүлэн, эх орныхоо дархан хил хязгаарыг баатарлагаар хамгаалсан монгол цэрэг, дайчин эрийн хөшөөг морь унасан байдалтайгаар аранжин зэсээр дүрсэлжээ. Ялалтын хаалганы дотор талд номин цэнхэр өнгөөр Халх голын урсгал усыг дүрсэлж, хөшөөний ар талд нум хэлбэртэй хоёр хананд дайн ба ялалтын утгыг илэрхийлсэн өнгөт шилэн шигтгэмэлээр Халх голын дайн эхэлсэн анхны өдрөөс дуусах хүртэлх баатарлаг үйл явдлыг харуулсан байдаг.


Холбоотой мэдээ