“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-27 15:18:15

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 27 /CNN/. Кредит картын дэлхийн хамгийн том сүлжээнүүд болох “Виза”, “Мастеркард”, мөн тэдэнтэй хамтран карт гаргадаг банкууд олон арван жил үргэлжилсэн монополийн эсрэг хэргийг шийдвэрлэхээр тохиролцжээ.


Тохиролцоо хийгдсэнээр “Виза” эсвэл “Мастеркард”-аа ашиглан худалдан авалт хийх үед Америкийн худалдаачдын төлөх шимтгэлийг таван жилийн хугацаанд 30 тэрбум ам.доллараар бууруулахаар байна. Зөвхөн Америкийн худалдаачдад хамаарах энэхүү тохиролцоо нь 2005 онд гаргасан нэхэмжлэлээс улбаатай юм. Гэсэн хэдий ч Нью-Йоркийн дүүргийн шүүхээс зөвшөөрөл авах хүртэл энэ асуудал эцэслэн шийдэгдэхгүй. Мөн үүний дараа ч давж заалдах боломжтой.


Үндэсний жижиглэнгийн худалдааны холбооноос мэдээлснээр, карт уншуулсны шимтгэл нь худалдаачдын хувьд үйлчлүүлэгчийн хийсэн нийт гүйлгээний 2 хувийг эзэлдэг хэдий ч зарим премиум зэрэглэлийн урамшууллын картын хувьд 4 хувьд хүрдэг байна. Харин дээрх тохиролцооны дагуу уг төлбөр доод тал нь гурван жилийн хугацаанд 0.04 хувиар буурна.


Энэ нь Виза карт эзэмшигчдийн одоо авч буй урамшуулалд нөлөөлөхгүй гэж “Виза” компанийн Хойд Америкийн салбарын захирал Ким Лоуренс мягмар гаргийн өглөө мэдэгджээ. Түүнчлэн америкчуудын зээл авах боломжид нөлөөлөхгүй  юм. “Мастеркард”-ын хэвлэлийн төлөөлөгч Сет Эйсен CNN телевизэд мэдээлэхдээ, уг тохиролцоо нь урамшуулал болон зээлийн хүртээмжид нөлөөлөхгүй гэдгийг мөн дурджээ.


“Дисковер”, “Капитал Уан” компаниуд нэгдэж, санхүүгийн зохицуулагчид болон хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрсөн тохиолдолд хамгийн том кредит картын компанийг байгуулна гэж зарласнаас хойш ердөө нэг сарын дараа дээрх тохиролцоо хийгдлээ. Тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа “Виза, “Мастеркард”-ын хувьцаануудын ханш мягмар гаргийн өглөө бага зэрэг өсжээ.

 



Холбоотой мэдээ