ДАРХАН-УУЛ: Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-26 17:04:25

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болон маргааш цаг агаарын аюулт үзэгдэл болохыг аймгийн УЦУОША-наас сэрэмжлүүлж байна. Тодруулбал гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж шуурахыг анхаарууллаа.


Төвийн аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Өмнөговь аймгийн баруун, Булган, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Харин гуравдугаар сарын 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи гуравдугаар сарын 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.


Иймд малчид малаа хол бэлчээхгүй, насанд хүрээгүй хүүхэд малд явуулахгүй байх, холын замд гарахгүй байх хэрэгтэйг сануулж байна.

 

Холбоотой мэдээ