ТӨВ: Багийн засаг дарга нарыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-03-22 20:45:05

Зуунмод, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 3 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Удирдлагын академид зохион байгуулж байна. Сургалтад 27 сумын 97 багийн засаг дарга нар оролцож байгаа юм.   

 

Энэ сургалт нь багийн засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэх зорилготой.

 


Тус сургалтыг Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Хуягбаатар нээж үг хэлэхдээ, "Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг байнгын тогтвортой цогц сургалт болгох зорилготой байна.  Мөн Засаг захиргааны анхан шатны нэгж, багийн хөгжлийг хангах зорилгоор "Баг-97” төслийг батлан 2018-2024 онд хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл багийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах зорилготой юм.

Багийн төвүүд шинээр барих, засварлах, багийн Засаг дарга, багийн эмчийг унаажуулах, багийн техник хэрэгсэл тоног төхөөрөмжийн хангалтыг ээлж дараатай сайжруулах ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна” гэв.

 


Түүнчлэн "Баг-97" төслийн хүрээнд хамгийн олон хүн амтай Батсүмбэр сумын дөрвөн багийн албан ажлын хэрэгцээнд зориулж аймгийн төсвөөс “Пробокс” автомашиныг шийдвэрлэсэн бөгөөд сургалтын үеэр гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ