БАЯН-ӨЛГИЙ: Таван суманд туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-11 10:45:32

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газраас Баян-Өлгий аймгийн Алтай, Дэлүүн, Сагсай, Ногооннуур, Бугат суманд туулах чадвар сайтай автомашин олголоо.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймагт ажилласан. Энэ үеэр орон нутгийн удирдлагууд ихэнх сумдын ЗДТГ болон Эрүүл мэндийн төвүүдийн тээврийн хэрэгслүүдийн эдэлгээний хугацаа дууссан тул туулах чадвар сайтай авто машин шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан билээ.


Засгийн газраас тус аймгийн хаваржилтын нөхцөл байдал, орон нутгийн удирдлагын хүсэлтийг харгалзан үзэж ийнхүү таван сумын унааны асуудлыг шийдвэрлэсэн байна.


Тухайн тээврийн хэрэгслүүдийг УИХ-ын гишүүд Х.Баделхан, Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар сумын удирдлагуудад хүлээлгэн өглөө.


Мөн тус аймаг дахь хилийн цэргийн 0285 дугаар ангид туулах чадвар сайтай Ниссан патрол маркийн автомашин гардуулав. 


Холбоотой мэдээ