БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албан хаагчдын 64.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-07 15:11:23

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.


- Баян-Өлгий аймгийн хүн амын тоо өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 109467 байгаа. Үүний 54799 нь буюу 50.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.


- Тус аймаг нь 7605 төрийн албан хаагчтай. Төрийн алба хаагчдын 64.4 хувь нь буюу 4975 нь эмэгтэй.


- Энэ оны 2 дугаар сарын байдлаар тус аймгийн 3824 эх “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 7892 эх “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн мөнгөн тусламж авч байна. "Эхийн алдар" І, ІІ зэргийн одонтой эхчүүдийн тоо өмнөх оныхоос 623-аар өссөн байна.  


- Өнгөрсөн оны судалгаагаар 1692 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа. Үүнээс 1318 компанийн 330-ыг нь, 55 нөхөрлөлийн 11-ийг нь, 319 хоршооны 59-ийг нь эмэгтэй хүн удирдаж байна.


- Эмэгтэйчүүдийн 49.5 хувь нь хөдөлмөр эрхэлдэг.


- Аймгийн хэмжээнд 15154 малчин байгаагийн 4985 нь /32.9 хувь/ эмэгтэй малчин.


- Аймгийн ажиллах хүчний нөөцөд 47778 иргэн байгаа. Үүний 22343 нь эмэгтэй. Ажиллах хүч гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэлбэрийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүмүүсийг хэлнэ.


- Амьд төрсөн 100 эмэгтэй хүүхэд тутамд ногдох амьд төрсөн эрэгтэй хүүхдийн тоо 103.9 байна.


- Аймгийн эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.8 байгаа. Энэ нь тус аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 5.1 насаар, улсын дунджаас 6.5 насаар өндөр үзүүлэлт юм.


- Өнгөрсөн онд 2681 эх хүүхэд төрүүлсэн.  


- Аймгийн хэмжээнд 10970 эмэгтэй албан бус хөдөлмөр эрхэлдэг.


- 2023 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгэлтэй 659 ажилгүй иргэн бий. Ажилгүй иргэдийн 50.1 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.


- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 төлөөлөгчийн 5 нь эмэгтэй.


- Баян-Өлгий аймгийн 13 сумын дотор Толбо сумын Засаг даргаар эмэгтэй хүн /Н.Еркежан/ ажиллаж байна.


- Тус аймгийн 13 сумаас иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 329 төлөөлөгчийн 52 нь эмэгтэй төлөөлөгч. Үүнээс Цэнгэл сумын ИТХ-ын даргаар эмэгтэй хүн /А.Жанбота/ ажилладаг. Мөн Хурлын зөвлөлийн гишүүнээр 13, нарийн бичгийн даргаар 4 эмэгтэй тус тус ажиллаж байна. 


- 2023 онд эмэгтэй хүн оролцсон 42 гэмт хэрэг бүртгэгдсэн.


- Аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн дундаж цалин 1 сая 333 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 404 мянган төгрөгөөр бага байна.


- Аймгийн хэмжээнд 2267 өрх толгойлсон эх бий. Үүний 996 нь 3 хүртэл, 663 нь 3-5, 608 нь 6 ба түүнээс дээш өрхийн гишүүнтэй.

Холбоотой мэдээ