Тошингийн амны цогцолбор дурсгалыг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-29 10:28:08

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт оршдог Тошингийн амны цогцолбор дурсгалыг Засгийн газрын өчигдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаар улсын хамгаалалтын зэрэглэлд байх "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэлээ.


Тошингийн амны цогцолбор дурсгал нь Алтай сумын 3 дугаар багийн төвөөс зүүн урагш 3 км зайд оршдог бөгөөд төрөл зүйлийн хувьд булш, оршуулгын дурсгалд хамаардаг.


Судлаачдын өгсөн мэдээллээр цогцолбор дурсгал хэмжээний хувьд 142 м цагирган хүрээтэй, төвдөө ойролцоогоор 4 м орчим өндөртэй, 40 м голчтой дугуй, чулуун дараастай. Голдоо хонхорхой, баруун урд, баруун, баруун хойд, хойд, зүүн, зүүн урдуураа ойролцоогоор 400 орчим дагуултай нэгэн том хиргисүүр байна. Уг хиргисүүрийн хонхор дотор 1.3 х 0.25 х 0.3 м хэмжээтэй буган хөшөөг хөх саарал занар чулуугаар хийсэн аж.


Хөшөө нь доод хэсгээрээ 7 хэсэг болон цуурч хагарсан. Хөшөөний оройн хэсэгт 8 см өргөнтэй бүрэн тойрсон бүслүүр, нүүрэн хэсэгт ташуу гурван зураас, түүний доор зуувандуу хэлбэрийн хүзүүний үрлэн зүүлт, зүүлтийн дор 1 см орчим нарийн бүслүүрийг тус тус бүрэн тойруулан ороож өгчээ. Нүүрэн хэсгийн нарийн бүслүүрийн дор хурц үзүүртэй чичлүүр хутгыг, хоёр хажуу талын дээд хэсэгт хөлтэй жижиг онгин ээмэг болон байлдааны жижиг зээтүү, харин хөшөөний ар талд дээд хэсгийн өргөн бүслүүрийн доохно үрлэн зүүлтийн оронд 11 см өргөн зүүлтийг хонхойлгон дүрсэлжээ. Хиргисүүрийн баруун хойд талд 30-аад булш байгаа ба ихэнх булш нь дугариг хэлбэртэй. 


Тухайн цогцолбор дурсгалыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж байжээ. 





Холбоотой мэдээ