БАЯН-ӨЛГИЙ: Гуравдугаар сард цаг агаар олон жилийн дунджаас дулаан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-28 14:22:48

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны судалгааны төвөөс гаргасан судалгаагаар, тус аймгийн гуравдугаар сарын цаг агаарын олон жилийн дундаж температур нь нутгийн баруун өмнөд хэсгээр -14-18 градус, бусад нутгаар -6-14 градус хүйтэн байдаг.


Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.


Сарын эхээр хүйтний эрч суларч, олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байна. Мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 хэм дулаан байх төлөвтэй.


Хур тунадасны хувьд олон жилийн дундаж орчим буюу 0-4 мм байх аж. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхины хурд 12-14 м/с, түр зуур 18-20 м/с-д хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. 

Холбоотой мэдээ