БАЯНХОНГОР: Сурагчид малын нэмнээ, хошуувч хийж малчдад илгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-22 16:15:35
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Хүндрэлийг хамтдаа" уриан дор 10000 нэмнээ аяныг Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, сум, есөн дүүргийн салбаруудаар дамжуулан эхлүүлсэн. Тус аянд Баянхонгорын эмэгтэйчүүд нэгдэн, нэмнээ цуглуулж малчдад илгээх ажлыг өрнүүлж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулж хүнд нөхцөл байдлыг даван туулахаар хичээн зүтгэж буй малчдадаа туслах үүднээс шинэ төлд нэн шаардлагатай нэмнээ, уут хандивлахыг эмэгтэйчүүд уриалж байгаа юм. Эх малд нэмнээ хийх куртик, хувцас, хуучин хөнжлөөс гадна малын ул турууны шалбархайд түрхэх тос, бээлий хошуувч гээд аль чадах бүхнээрээ нэгдэн туслахыг тэд уриалж байна.

Сумын холбоод, ААН, байгууллагууд тус аянд нэгдэж эхэлсэн бөгөөд 10000 нэмнээ аянд Жинст сумын хүүхдийн цэцэрлэгийн хамт олон нэгдэж 100 хошуувч, нэмнээ оён сумынхаа Онцгой комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.


Мөн Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсэд байрлах Гэгээн сумади сургуулийн сурагчид хэрэглэхгүй хувцсаараа нэмнээ оёж, малын хошуувч хийж байна.


Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэгийн хамт олон аянд нэгдэж, цэцэрлэгийн багш ажилтнууд чөлөөт цагаараа боломжит материалаараа нэмнээ, бээлий оёж аймгийнхаа нэн хүндэрсэн хангайн сумдад хүргүүлэх юм.


Баянхонгор МЭХ-ны салбар зөвлөлөөс хандивын аянд нэгдэх бүсгүйчүүдээс бэлэн мөнгө авахгүй, харин цагийн хүндрэлийг туулахад малчин түмэндээ туслан нэмнээ, бээлий, хошуувч оёж хандивлахыг уриалж байгаа юм. Мөн төл угжих сүүнд хүүхдийнхээ хэрэглэж байгаад үлдсэн сүү, каш байвал нийлүүлж хандивлахыг санал болгож байна. Цугларсан хандивыг аймаг, сумын МЭХ-ны салбар зөвлөлүүд зудын эрсдэлийн нөхцөлд буй Хонгор нутгийнхаа сумдад хүргүүлэн ажиллах юм байна. Аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88696982, 80185788 дугаарт залган авах боломжтой бөгөөд хандивлах зүйлсээ мөн хүргүүлэх боломжтой.





Холбоотой мэдээ