ОРХОН: М.Түмэнжаргал: Авто замын салбарт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-14 14:08:02
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалтай авто замын шинэчлэлтийн асуудлаар ярилцлаа.


-Та Хотын захирагчийн албаны дарга, аймгийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн. Эхлүүлсэн ажлын тань үр дүн хэр гарч байна?

-Би 2016 оноос Хотын захирагчийн албаны даргаар ажиллаж байгаад 2020 оноос аймгийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан. Энэ хугацаанд манай баг, хамт олон, олон ажлыг санаачилж зохион байгуулсан. Ялангуяа, инженерийн шугам сүлжээний ажлыг бид зоригтойгоор эхлүүлсэн. Энэ ажил энэ онд ч бас цаашид ч үргэлжилнэ. Өнгөрсөн оны сүүлээс Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу аймгийн Засаг даргын орлогчийн ажлыг гүйцэтгэж байна. Одоогийн нөхцөл байдлын хувьд, ажлын ачаалал их байна. Төрийн ажил зогсолтгүй үргэлжлэх ёстой. Иймд шийдвэрүүдийг шуурхай гаргаж ажиллаж байна.

Өмнөх онуудад улсын болон орон нутгийн төсвөөр олон ажил хийснийг иргэд мэдэж байгаа байх. Алдаа дутагдалтай ажлуудаа засаж сайжруулах, гаргасан алдаагаа давтахгүй байх нь чухал. Иймд ажил бүрээ дүгнэж, хэлэлцэж байна.

Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, тав тухтай, сэтгэл дүүрэн амьдрахад нь боловсролын хүртээмж чухал юм. Иймд  өнгөрсөн онд гэхэд боловсролын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийлээ. Хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл сайжирч, ширээ сандлын 90 хувийг нь шинэчилж, шинээр сургууль, цэцэрлэг барилаа. Мөн эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч Улаанбаатар хотын том эмнэлгүүдэд хийдэг хагалгааг орон нутагтаа хийж эхэлсэн. БОЭТ-ийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн, Хавдрын бай, Тархины цус харвалтын нэгж, Дурангийн тасаг байгуулсан. Өнгөрсөн оны ажлыг товч дүгнэвэл, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн асуудлыг шуурхай шийдвэрлэсэн гэж хувьдаа дүгнэж байна.


-Энэ оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил аль салбарт шинэчлэлтийг авчрах вэ?

-Манай аймаг энэ онд 85,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Өмнө нь 30 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Энэ жил “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас төрийн үйлчилгээний нэгдсэн хоёр төв барихад 5,3 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Мөн Дэнж, Оюут багт Багийн нэгдсэн байр барих бол шинээр бий болсон суурьшлын бүсэд авто зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, сургууль, цэцэрлэг барина. Дулааны улирал эхлэх үед нэлээн тоос шороотой, ундуй, сундуй байх болно. Үүнийг иргэд маань ойлгож, хүлээн аваарай. Айл өрхүүд гэр орноо засаж, их засвар, шинэчлэл хийхэд тав, тухгүй өдрүүд үргэлжилдэг шиг хотынхоо авто замыг засаж, шинэчлэх хугацаанд тийм л байх болно. Харин үүний дараа та, бидний амьдрах орчин илүү таатай болно гэдэгт итгэж байна.


-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг орон нутгийн авто замын шинэчлэлтэд зориулж 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргасан. Энэ ажилтай  холбоотойгоор орон нутаг бэлтгэл ажлыг сайн хийж байгаа харагдсан. Эцсийн үр дүнд Орхон аймаг авто замын салбартаа эрс шинэчлэлт хийнэ гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна.

-Орхон аймаг  авто замын салбартаа нэг жилд 50 тэрбум төгрөг төсөвлөж байгаагүй. Тийм боломж ч гараагүй. Тиймээс энэ бол түүхэн шийдвэр юм. Энэ ажлыг бид сайн гүйцэтгэлтэй, чанартай хийхийн тулд “Авто зам – 2024 Эрдэнэт” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын “Авто замчдын холбоо” ТББ болон түүний гишүүн байгууллага, авто замын зураг төсөв боловсруулдаг, зам барьдаг компаниуд оролцсон. Бид аль байршилд шинээр зам тавих, алийг нь засах, шинэчлэх болон түүнийг ямар материалаар хийх вэ гэдэг саналыг компаниудад танилцуулсан. Компаниуд ч өөрсдийн давуу талуудаа бидэнтэй нээлттэй хуваалцсан.

Энэ жил бид улсын чанартай А1002 замыг дөрвөн эгнээ буюу 6 дугаар хорооллоос Их-Залуу багийн “Жаст ойл” шатахуун түгээх станц хүртэл 7,7 км шинэ зам тавина. Тухайн хэсэгт баяр ёслолын үеэр хамгийн их түгжрэл үүсдэг учраас дөрвөн эгнээ замд нүхэн гарц хоёрыг хийхээр төлөвлөсөн.


-Гүйцэтгэх ажил нь оновчтой бас чанартай байх ёстой. Мэргэжлийн байгууллагуудын уялдаа маш чухал. Үүнийг хэрхэн хангаж ажиллах вэ?

-Зам барихад түүхий эдийн чанар маш чухал. Манай аймагт замын бетон хийх стандартад нийцсэн хайрга, дайрга байхгүй. Иймд Дархан-Уул аймгаас хайрга тээвэрлэх зардлыг тендерийн төсөвт тавьж өгнө. Замын бетон маш сайн, чанартай байх ёстой. Үүнийг Монголд нэг л үйлдвэр хийж байна. Тэр компанийг хэлэлцүүлэгт урьж оролцуулсан. Мөн замын суурийн ажилд анхаарах нь чухал. Шинэ зам тавихдаа бетонон бордюр хийх бол хуучин замыг шинэчлэхдээ чулуун бордюр ашиглана. Мөн Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны замын инженерийн ажилтны орон тоог нэмж байгаа. Захиалагч талаас 5-6 инженер хянана гэсэн үг. Мөн зөвлөх инженер авч ажиллуулж, Төслийн нэгж байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр ажлын гүйцэтгэлд дэвшил гарна гэж бодож байна. Ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн явцыг замын мэргэжлийн баг хариуцан ажиллана. Бид шаардлагатай төсвийг зарцуулж үр дүн гаргана гэж зорьж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ