Амелиа Эрхартын онгоцны сэгийг олсон гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-01-31 17:58:49

ЧАРЛСТОН, 2024 оны нэгдүгээр сарын 31 /BBC/. Одоогоос 87 жилийн өмнө домогт нисгэгч Амелиа Эрхарт дэлхийг тойрохоор Номхон далай дээгүүр нисэж байхдаа сураггүй алга болсон нь нисэхийн түүхэн дэх тайлагдаагүй нууцуудын нэг хэвээр байгаа билээ. 


Тэгвэл Америкийн Өмнөд Каролина муж улсын Чарлстон хотод төвтэй “Deep Sea Vision” компанийн эрлийн багийнхан аялагч бүсгүйн “Lockheed 10-E Electra” нисэх онгоцыг 4900 м-ийн гүнээс усны долгионоор байрлал тодорхойлогч төхөөрөмжийг /гидролокатор/ ашиглан илрүүлсэн гэж мэдэгдэв.


Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 13.5 мянга гаруй хав.дөр.км талбайг самнасан байна. Тус багийнхан далайн ёроолд хавтгай биет харагдаж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Одоогоор далайн ёроол руу шумбагчдыг илгээгээгүй байна. 


АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисгэгч асан Тони Ромео үл хөдлөх хөрөнгөө зарж, эрэн хайх ажиллагааг 11 сая доллараар санхүүжүүлсэн тухайгаа Wall Street Journal сонинд ярьжээ. Түүний ярьснаар, Амелиа Эрхартын онгоцны сэг гэж үзэж байгаа уг биетийг  Хауланд гэдэг эзэнгүй арлаас 180 км-ийн зайд олсон байна. 


А.Эрхарт дэлхийг тойрон аялсан анхны эмэгтэй нисгэгч болох зорилго тавиад 1937 оны долоодугаар сарын 2-нд Номхон далайн дээгүүр нисэж байхдаа онгоцны залуурч Фред Нунаны хамт сураггүй алга болсон юм. Тэднийг алга болсны дараа Америкийн түүхэн дэх тэнгисийн цэргийн болон эргийн хамгаалалтын хамгийн том эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Хоёр жилийн дараа Эрхарт, Нонан хоёрыг нас барсан гэж албан ёсоор зарласан байна.


Олон жилийн турш өндөр технологийн тоног төхөөрөмж ашигласан олон тооны экспедицүүд онгоцыг олох гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн юм. 


Нисгэгч эмэгтэйн цогцсыг Хауландаас 650 орчим км-ийн зайд орших Кирибати дахь эзэнгүй Никумароро гэдэг шүрэн арлаас олсон гэж зарим судлаачид ярьдаг боловч энэ нь батлагдаагүй ажээ.







Холбоотой мэдээ