Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан болж зарим асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-30 10:11:20

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-нд боллоо. Энэ удаа аймгийн Онцгой комиссын гишүүдээс гадна Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиуд, эм эргэлтийн сан болон аймагт үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн төлөөллүүд оролцож өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдсан. Хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Албаныхны өгч буй мэдээллээр нэгдүгээр сарын 28-29-ний хооронд Замын-Үүд хилийн боомтоор 1354, Ханги хилийн боомтоор найм, нийт 1362 иргэнийг Монгол Улсын хилээр татан авч, тус иргэдийн биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй гэв.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдад тусгаарлах өрөөг бэлтгэж, аймгийн хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм болон хүнсний хангалтыг бий болгож байгаа гэж албаныхан тодотгосон.

Мөн албан байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, албан хаагч, ажилчдаа дархлаажуулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 01 дүгээр сарын 27-ноос 03 дугаар сарын 02-ныг хүртэл түр зогсоосонтой холбогдуулан тасалдсан хичээлийг телевизээр зааж, үлдсэн хичээлийг таван долоо хоногийн бямба гаригт нөхөн орох болсон бөгөөд багш нарын илүү цагийн цалин хөлсийг олгохоор шийдвэрлэлээ.


Коронавирусний халдварын талаар буруу ташаа мэдээлэл хүргэсэн тохиолдолд  хариуцлага тооцно

 

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай 25000 ширхэг хэвлэмэл хуудсыг айл өрхүүдэд хүргүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, теле хичээлийг чанартай хүргэх, хүүхдүүдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг үүрэг болгов.

Мөн аймгийн хэмжээнд амны хаалт болон шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрдүүлэх, эмийн үнийг зохиомлоор бий болгож буй зарим аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллах, үнийг хөөрөгдсөн тохиолдолд хариуцлага тооцох аж.

Олон нийт болон ажилтан албан хаагчдад коронавирусний халдварын талаар буруу ташаа мэдээлэл хүргэх, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлээгүй, үл хүндэтгэсэн ажилтан, албан хаагчдад арга хэмжээ авах, гаргасан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг болгов.

Холбоотой мэдээ