Валют арилжааны төвүүд иргэний үнэмлэхээр үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-11 17:57:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Валют арилжааны цэг болон төвүүд өнөөдрөөс эхлэн валют солиход заавал иргэний үнэмлэхээр үйлчилж байхаар болж байна.

Энэ нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор авч буй үйлчилгээний арга хэмжээ юм. Иргэд хэдий хэмжээний валют солиулахаас үл харгалзан иргэний бичиг баримтаар үйлчлүүлэх бөгөөд иргэний үнэмлэхгүй, түүнийгээ үзүүлээгүй гэвэл шаардлагатай бол валют арилжааны төвүүд тухайн хүнд үйлчлэхээс татгалзах ёстой. Энэ талаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.4-т, “...Харилцагч энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд түүнд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй” хэмээн заасан байна.


Хуулийн заалтын хэрэгжилтэд СЗХ хяналт тавих юм. Манай улс FATF-ийн төрлийн байгууллага болох APG (Ази, Номхон далайн бүсийн бүлэг)-ийн гишүүн бөгөөд “Хар саарал” жагсаалтад орох эрсдэлтэй байгаа билээ. Тус байгууллагаас гаргасан 40 зөвлөмж бүхий стандартыг бүрэн хэрэгжүүлснээр уг жагсаалтад бичигдэхгүй байх боломж бүрдэх юм. Ирэх оны аравдугаар сар хүртэлх хугацаанд уг стандартыг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй манай улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ