Албадан эмчилгээ хийлгэж буй иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 12:22:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийг УИХ 2000 онд баталсан байна. Энэ хуулийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь ШШГЕГ-ын харьяанд байгуулсан байна. Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмч, эмнэлгийн мэргэжлийн удирдлага байдаггүй. Тиймээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөлд албадан эмчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах эрүүл мэндийн байгууллагыг СЭМҮТ байхаар заасан байна. Мөн албадан эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулдаг байх зохицуулалт тусгасан юм.Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь дэмжиж баталлаа.

Холбоотой мэдээ