Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын урлагийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-13 11:40:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн боловсрол соёл урлагийн газар /БСУГ/, Сүхбаатар Хаан банктай хамтран зохион байгуулдаг "Бидний авъяас-2018" урлагийн наадмыг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын дунд зохион байгууллаа.

Урлагийн наадамд Баруун-Урт сумын нэгдүгээр БДС-ийн хамт олон тэргүүлсэн бол Баяндэлгэр, Эрдэнэцагаан сумдын сургууль удаах байрыг эзэлжээ.

Анх боловсролын салбарын багш ажилчдын урлаг, спортын наадам гэж зохион байгуулдаг байсан тус арга хэмжээг хоёр жилийн өмнөөс урлаг, спортоор нь тус тусд нь ангилан, улмаар хоёр жилд нэг удаа энэхүү наадмыг зохион байгуулдаг болсон юм. Ингэснээр оролцогч байгууллагуудын ур чадвар, өрсөлдөөн илүү сайжирч, уралдаан тэмцээний цар хүрээ, үр дүн ч илүү болсон юм. 

Урлагийн наадмын талаарх сэтгэгдлээ аймгийн БСУГ-ын дарга Л.Байгалмаа өөрийн нүүр номдоо, “Сүхбаатар аймгийн боловсролын салбарынхны "БИДНИЙ АВЬЯАС-2018" урлагийн наадамд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 436, Ерөнхий боловсролын сургуулийн 573 багш, ажилчид оролцож авьяас, ур чадвараа гайхуулан, магтуулан, сэтгэл зүтгэлээ гаргалаа. Энэхүү наадмыг уламжлал ёсоор ивээн тэтгэсэн Сүхбаатар аймаг дахь ХААН банкны хамт олон, хамтран ажилласан "Жаахан шарга" ХЖТ-ын уран бүтээлчиддээ талархсанаа илэрхийлье. Хичээл зүтгэл гарган бэлтгэж, оролцсон, хамтдаа хөгжиж чадсан нийт сургууль, цэцэрлэгийнхээ хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна” хэмээн бичжээ.

Урлагийн наадмын тэргүүн байрыг хүртсэн нэгдүгээр БДС-ийн хувьд удирдлагаас эхлээд үйлчилгээний ажилчдаа хамруулсан нь онцлог байсан бол Монголын үндэсний урлаг, түүн дотроо Дарьганга өв соёлоо харуулсан үзүүлбэрүүд, хувцаслалт, хамт олны хичээл зүтгэл нь ийнхүү шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Нийт 120 орчим багш, ажилчин оролцсон тоглолтын найруулагчаар Монгол Улсын УГЗ Л.Гомбосүрэн ажиллажээ. 

Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн урлагийн наадам дүүрэн үзэгчтэй болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ