Гангийн үйлдвэр байгуулах зорилгоор төмрийн хүдрийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-06 16:43:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай, төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулдаг байсан Эм Эл Цахиурт овоо ХХК-ийн уурхайн ажил зогсжээ. Энэ зогсолт нь хоёр жил үргэлжлэх бөгөөд компани цаашид уурхайн чиглэлээр ажиллахаа больж, гангийн үйлдвэр байгуулахаар болсонтой холбоотой ажээ.

Энэ талаар компанийн захирал С.Шархүү хэлэхдээ, “Компанийн захирал болоод удирдах зөвлөлийн шийдвэрээр 10 дугаар сарын 04-нөөс эхлэн уурхай зогсолт хийгээд байна. Шалтгаан нь Монгол Улсын зүүн бүс нутагт гангийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж буйтай холбоотой. Төсөл 2019, 2020 онуудад хэрэгжих бөгөөд одоогоор Монгол Улсын Засгийн газар болон УУХҮЯ-нд танилцуулаад байна. Энэ төсөл хэрэгжсэнээр жилд 300 мянган тонн төмөр буюу барилгын материалыг орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой болох юм. Хуучин уурхайд ажиллаж байсан хүмүүсээ бүгдийг урьдчилж мэдэгдэл хүргүүлсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Мэдээж хоёр жилийн дараа үйлдвэр баригдаад ашиглалтад орвол  хамгийн түрүүнд хуучин ажилчдаа дахин авах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь энэхүү гангийн үйлдвэр баригдсанаар тогтмол 350, түр 300 гаруй гээд нийт 700 орчим хүн ажлын байраар хангагдах юм. Мөн улсын хэмжээнд анх удаа баригдах энэ үйлдвэр төмрийн хүдрийг боловсруулж, бүх төрлийн барилгын материалыг үйлдвэрлэж, түүгээрээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад цаашлаад гадаадад экспортлох боломжтой гэж харж байгаа. Төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл лицензээ авах, үйлдвэр барих газрын зөвшөөрөл авах зэрэг ажлуудаа хийж байна” гэлээ.

Тус уурхай нь 89,2 сая шоо метр буюу 20-25 жилийн төмрийн хүдрийн нөөцтэй. Тиймээс үүнийгээ түшиглэн гангийн үйлдвэр байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ