Нийслэлийн МАН-ын хорооны хуралд 369 төлөөлөгч оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-09-22 14:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө өглөө үүрээр өндөрлөсөн МАН-ын Нийслэлийн хорооны хуралдаанд УИХ-д нийслэлээс сонгогдсон МАН-ын 28 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч болон 152 үүрийн төлөөлөгч, 9 дүүргийн намын хорооны дарга нар, нийт 369 төлөөлөгч оролцжээ.

9 дүгээр сарын 20-нд болсон Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус хорооны даргад Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг нэр дэвшүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр хуралдсан намын хорооны 34 дүгээр бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг заалнаас нэр дэвшүүлсэн. Санал хураалт өчигдөр шөнийн 03.00 цагт эхэлж, 05.30 цагт өндөрлөж Д.Сумъяабазар 50.4 хувь, С.Батболд 49.6 хувийн санал авч Нийслэлийн МАН-ын хорооны 34 дүгээр бага хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар тус хорооны даргаар УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг сонгосон. 

Тодруулга: Нийслэлийн МАН-ын хороог удирдаж байсан НИТХ-ын дарга асан Ц.Сандуй өнгөрсөн оны 9 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгснөөс хойш уг хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажиллан удирдаж байсан юм.


Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ