Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-21 15:59:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болов. Уг төвийг Такамацү Норд Ротари клуб, “Нарлаг Улаанбаатар ротари клуб” ТББ-ын 80 мянган долларын санхүүжилтээр байгуулжээ.

Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, зан үйлийн цогц үнэлгээ хийж тэдний хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанартай уялдуулан судлах шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, “Нэг жилийн өмнө манай эмнэлэг болон Такамацү Норд Ротари клуб, “Нарлаг Улаанбаатар ротари клуб” ТББ хамтран “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах төсөлд гарын үсэг зурсан. Энэ төвийг улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа нээж буйгаараа онцлогтой. Иргэд өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор энэ төвийг зорьж үйлчлүүлэх нь  нээлттэй” гэв.

Тус төвийг нээснээр төрийн тусгай албан хаагчдын өвчлөл, нас баралтын зонхилох хувийг эзэлдэг урьдчилан сэргийлэх боломжтой бодисын солилцооны хам шинж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, бөөр, хоол боловсруулах замын өвчин, тамхи архины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, стресс болон халдварын бус гаралтай харшил, урьдчилан сэргийлэх, хянах, биохимийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулан судлах бие бялдар эрүүл мэндийн цогц үнэлгээг хийх юм.


“Манай эмнэлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийдэг. Тиймээс манай төв нь урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах, төрийн албан хаагчдын бие бялдарт эрүүл мэндийн цогц үнэлгээ хийхийг зорьж байна. Мөн хөдөлгөөн, хооллолт, эрүүл мэндийн зан үйлийн зөвлөгөө мэдээлэл өгөх, тухайн хүнд тохирсон бодит үнэлгээг хийж сургалтыг бүлгийн болон ганцаарчилсан байдлаар явуулна. Мөн үүнээс гадна хувь хүнд зан үйлээ өөрчлөхөд нь сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ” хэмээн Эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Батжаргал ярилаа.


Дашрамд мэдээлэхэд, тус эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 40 хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрдүүлдэг бөгөөд 2017 онд 100 мянган хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

 

 

Холбоотой мэдээ