Хилийн цэргийн 85 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2018-09-18 12:28:55


Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсад 1933 онд анхны хилийн цэргийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн хил хамгаалах байгууллага үүссэн түүхтэй. 

Энэ онд Хилийн цэрэг байгуулагдсны 85 жилийн ой тохиож байна. 1930-аад оны эхээр манай улсын гадаад, дотоод байдал хурцдаж төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд Хилийн харуулын цагдааг татан буулгаж улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалж эхэлжээ. Энэ жил манай хилчид мөн Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Мөн Монгол Улсын баатар Норпилын Жамбаагийн мэндэлсний 100 жилийн түүхт ой тохиож, хилчид баатрынхаа ойг наймдугаар сарын 20-ны өдөр Хилийн цэргийн 0198 дугаар ангийн Дэгээ голын заставт тэмдэглэн өнгөрүүллээ. Дэгээ голын заставыг 2011 онд Хилийн 0198 дугаар ангийн 75 жилийн ойгоор баатрын нэрэмжит болгосон юм. Н.Жамбаа нь 1918 онд Баянхонгор аймгийн Богд сумын нутагт төржээ.


Тодруулга: 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ. Хилчдийн эгнээнээс дээрхи байлдаан, тулгаралтуудад онцгой гавьяа байгуулсан Н.Жамбаа, П.Чогдон, Л.Даваадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Б.Дорж, С.Лхагвадорж, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Х.Дамба, Б.Бадам, Ж.Нэхийт, Д.Гуулин,  Д.Намнан нарын 14 хилчинг  Монгол улсын баатар цолоор, олон зуун хилчдийг төрийн одон медалиар шагнажээ. Манай улсын хилийн нийт урт 8257 км бөгөөд өдөр бүр 5 мянган хилчин Монгол Улсын дархан хилийн манаанд гардаг байна.

 

 

Холбоотой мэдээ