Ард Даатгал ХК хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувиар хямдруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-18 14:55:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ард Даатгал компани даатгалын салбараас хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны компаниудын нэг  болж өчигдөр цан цохисноор хувьцааны захиалгаа эхлүүллээ.


Ард Даатгал ХК нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалснаар хөрөнгийн биржийн энэ оны 6 дахь IPO-г зах зээлд гаргаж байна.


Ард Даатгал компанийн Гүйцэтгэх Захирал Г.Цогбадрах ярихдаа,“Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож эхэллээ. Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг Ард Даатгалын IPO олгож байгаа юм. Ард Даатгал компанийн хувьцааны захиалга энэ сарын 17-25-ныг дуустал явагдах бөгөөд нийт 5 тэрбум 250 сая төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Ингэснээр эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн тус компанид төдийгүй санхүүгийн салбар, бизнесийн орчинд таатай нөхцөл бий болно. Үүнээс гадна аль болох олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40 хувиар хямдруулан 700 төгрөгөөр санал болгосон нь нийтээрээ хөрөнгө оруулагч болох гэсэн Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараанд нэг алхам ойртож байна” хэмээн онцлов.




Тус компани нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулах, түүнчлэн, СЗХ-ноос батлагдсан "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна. 

Энэхүү хувьцааны андеррайтерингийн үйлчилгээг "БиДиСек ҮЦК" ХК, аудитын үйлчилгээг “Далай ван” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “И эл Си” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.


Үнэт цаасны худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ оны есдүгээр сарын 17-26-ны өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авах аж.


 


Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, “Хөрөнгийн зах зээлийн хувьд 2018 он бол өгөөжтэй жил болж байна. Өнөөдрийн байдлаар  6 компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж олон нийтээс хөрөнгө босгож байна Эдгээр компаниудын хувьд 30 гаруй тэрбум төгрөг босгохоор саналын захиалга гаргасан бөгөөд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн өсөлт, хөгжлийн нэг илэрхийлэл гэж хэлж болно.  Хөрөнгийн зах зээл өнгөрсөн өмнөх ны мөн үеэс  70 гаруй хувиар өслөө. Үүнд макро эдийн засгийн өсөлт нөлөөлсөн гэхээс илүүтэй гадны шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой. Өнөөдөр Ард Даатгал компани цан цохиж, хувьцааны захиалгаа авч эхэллээ.  Даатгалын салбар нь санхүүгийн салбарын гол гүүр нь.  Энэ утгаараа даатгалын компаниуд хувьцаат компани болж, засаглалаа тэлэхийн хэрээр эрсдэл даах чадвар нэмэгдэнэ. Улмаар санхүүгийн зах зээл  хөгжих боломжтой” гэлээ.

 Даатгалын салбар хөгжингүй орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг, хөгжиж байгаа орнуудад 4-5 хувийг эзэлдэг бол Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувьтай байна. Манай улсын ДНБ-ий өсөлт дунджаар 6-8 хувьтай байгаа юм. Даатгалын салбар мөн адил ийм өсөлт үзүүлэх боломжтой. ДНБ-ий өсөлт энэ хэвээр үргэлжилбэл даатгалын салбар 10 дахин өсөлт үзүүлж, хөгжиж буй орнуудын түвшинд хүрэхэд ойрхон байна гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байсан юм.

Холбоотой мэдээ