Царцаагдсан соёл спортын төвийн барилгын ажлыг дахин барьж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-13 12:28:17
Дорноговь /МОНЦАМЭ/. Гүйцэтгэж байсан компани нь барьж дуусгалгүй орхисон Замын-Үүдийн 700 хүний суудалтай соёл спортын төвийн барилгын ажлыг "Гантулга трейд" ХХК гүйцэтгэгчээр шалгарч үргэлжлүүлэн барьж эхэлжээ.
Уг барилгыг 2013 онд 5,8 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Фронт Гейт" ХХК эхэлсэн боловч барилгын ажил 2,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 30 хувьтай зогссон байдаг. Үүнээс хойш дээрх байгууламж  царцаагдсан барилгын жагсаалтад орж барилгын ажлын тендер шалгаруулалт болон гүйцэтгэгч компанийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.
Харин Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон төрийн түшээд болон аймаг, сумын орон нутгийн удирдлагууд хөөцөлдсөний үр дүнгээр тухайн барилгын ажлын үлдэгдэл гурван тэрбум 84 сая  төгрөгийн санхүүжилтээр 500 хүний суудалтай “Соёл спортын цогцолбор” барилгын ажлыг энэ намраас эхлүүлээд байна.
Барилгын ажлын гүйцэтгэл 30 хувьтай байгаа бөгөөд 2018 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Явуулын оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга орчим хүн амтай Замын-Үүд сум соёл болон спортын арга хэмжээ зохион байгуулах зориулалтын заал танхимгүй олон жил болжээ. 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ